Австралид маш олон тооны боловсролын байгууллагууд байдаг ба суралцах чиглэл, курсын сонголт ч асар их тул ямар сургуульд сурахаа шийдэхэд төвөгтэй байж магадгүй. Энэ бол мэдээж таны ямар мэргэжлээр, аль салбарт карьераа төлөвлөж байгаагаас хамаарна. Австралид 3 үндсэн төрлийн боловсролын байгууллагууд байдаг. Үүнд:
- Их сургууль
- TAFE (мэргэжлийн боловрол олгох институт)
- Хувийн коллеж
ИХ СУРГУУЛЬ
Хэрвээ та зохицуулалттай буюу лиценз авч тодорхой байгууллагат бүртгүүлдэг мэргэжлүүд тухайлбал хуульч, сувилагч, шүдний эмч, анагаах, архитектур эсвэл инженер-р суралцах бол их сургууль таны сонголт байх болно. Мөн их сургуулиуд ерөнхий салбарт (шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, бизнесийн ухаан болон урлаг) өргөн хүрээтэй эрдмийн зэргүүдийг (degree) санал болгохоос гадна сэтгүүлч, байгаль орчны судлаач эсвэл сэтгэлзүйч гэх мэт илүү нарийн мэргэжлүүд ч сонгох боломжтой. Их сургуулиуд хамгийн дээд түвшний боловсролын зэргүүдийг олгодог.
Онцлог: Ихэнх их сургуулиуд дээд боловсролын буюу бакалавр (undergraduate) болон төгсөлтийн дараах (магистр, PhD) түвшинд илүү анхаарлаа хандуулдаг. Гэхдээ зарим сургуулиуд дээд боловсролын ангидаа оюутнуудыг бэлтгэж авах зорилгоор суурь курс (foundation studies) болон англи хэлний курсууд санал болгодог. Цөөн тооны их сургуулиудад практик мэргэжлийн боловсрол олгох курсууд (VET) байдаг ба зарим нь сургуулийнхаа элсэлтэнд бусад боловсролын байгууллагуудтай хамтарч ажилладаг.
Давуу талууд: Мэргэжлийн карьер хөөх сонирхолтой их сургууль танд арай өргөн хүрээний академик курсууд санал болгоно. Мөн их сургуульд та олон төрлийн клуб, арга хэмжээнд элсэж том коммюнити дунд орж танилын хүрээгээ тэлэхэд ашигтай. Австрали улсад нийт 40 их сургууль байдаг. Тиймээс та Австралийн аль хотод, ямар чиглэлээр сурахаас хамаараад олон сонголттой. 2020 Australian University Ranking
TAFE ИНСТИТУТ
TAFE (Technical and Further Education) институт нь мэргэжлийн боловсрол олгох курсуудыг сертификат, дипломын түвшинд олгож оюутнуудаа мэргэжлийн болон техникийн дунд боловсролын карьер тухайлбал зочлох үйлчилгээний (Hospitality) салбарын мэргэжлүүд, хүүхэд асрагч эсвэл дизайнер гэх мэргэжлүүдээр сургадаг. TAFE нь Австралийн засгийн газрын байгууллага ба ажлын байрны зах зээлд хамгийн хэрэгцээтэй байгаа мөн ажил олгогчдын хайж буй ур чадваруудыг оюутнуудад дадлагажуулан олгодог тул төгсөгчид ажлын байранд гарахад бэлэн болдог.
Онцлог: TAFE-н курсууд практик, жинхэнэ ажлын туршлага дээр суурилсан байдгаараа онцлог. Бүх институтууд олон төрлийн мэргэжил олгох курсууд санал болгодог ба зарим нь бакалавр, магисрийн түвшинд ч адилхан дадлагажих сургалттайгаар заадаг. Австрали даяар нийт 130 TAFE кампус байдаг ба их сургуулийн кампусыг бодвол арай жижигхэн. Мөн оюутнууддаа туслах зорилгоор олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг тухайлбал хичээлийн давтлага, байр олох, шаардлагатай мэдээллээр хангах гэх мэт.
Давуу тал: Их сургууль болон хувийн коллежуудыг бодвол практикт суурилсан, элсэлтийн шалгуур хөнгөн, богино хугацаанд төгсөх боломжтой, мөн харьцангуй хямд зардалтай. Мэргэжил олгох сургалтын гэрчилгээ нь таныг ажлын байрны зах зээлд гарахад маш том түлхэц болдог. Мөн TAFE институтад сурч төгссөнөөр дээд боловсролын зэрэг авахад кредит тооцуулах боломжийг олгодог тул цаашид үргэлжлүүлэн сурах бүрэн боломжтой.
ХУВИЙН КОЛЛЕЖУУД
Австралид их сургуулиудаас гадна олон тооны хувийн коллежууд байдаг. Эдгээр нь дээд боловсролын (бакалавр болон магистр) курсууд, мэргэжил олгох (VET) курсууд, мөн холимог багцалсан курсууд ч санал болгодог. Бүх хувийн байгууллагууд нь өндөр зохицуулалтаар хянагдсан ба Commonwealth Register of Institutions and Courses for Overseas Students (CRICOS) байгууллагат бүртгэгдсэн байх ёстой байдаг.
Онцлог: Хувийн коллежууд нь их сургуулийг бодвол жижиг ба голдуу тодорхой салбараар (бизнес, хөдөө аж ахуй, зохион бүтээх урлаг, натурал эрүүл мэнд эсвэл зочлох үйлчилгээ гэх мэт) дагнасан байдаг. Мөн оюутнуудад зориулсан олон төрлийн үйлчилгээтэй ба тоног төхөөрөмжийн хангалт их сургуулийг гүйцэхгүй ч үнэхээр боломжийн.
Давуу талууд: Хувийн коллежууд тодорхой мэргэжлийн салбараар дагнасан байдаг тул та өөртэйгөө ижил сонирхолтой бүлэг коммюнитид хамрагДах болно. Зарим мэргэжил тухайлбал зохион бүтээх урлагаар дагнасан коллежууд маш их нэр хүндтэй ба чанараараа их сургуулиас ч илүү гарсан байдаг. Жижиг коллежууд оюутнуудтайгаа илүү ойр ажиллан, сургалтын чанар илүү байх магадлалтай ба мөн тухайн орчиндоо найз нөхөдтэй болж хурдан дасан зохицоход хялбар байдаг.