Австралид сурах виз хүсч байгаа бүх хүмүүс GTE (Genuine Temporary Entrant) буюу Австралид ЗӨВХӨН сурах зорилготой гэдгээ харуулахыг цагаачлалын алба шаарддаг. Өөрөөр хэлбэл оюутны виз нь оюутанг (түүний гэр бүлийг) Австралид амьдрах, ажиллаж мөнгө хийх хэрэгсэл байх ёсгүй гэсэн шалгуурыг тавидаг.
Энэ GTE statement-г бэлдэхдээ маш болгоомжтой, үнэн зөв, итгэл төрүүлэм, үндэслэлтэй буюу бичсэн зүйлээ батлах нотолгоог хавсаргах нь чухал. Учир нь оюутны виз татгалзах үндсэн шалтгааны нэг нь GTE буруу бичих явдал байдаг.
Австралийн боловсролын байгууллагууд эрсдлийн түвшингээрээ 1, 2, 3-р зэргээр ангилагдсан байдаг. Мөн улс орнууд ч энэ зэргээр ангилагдана. Манай Монгол улс эрсдэл өндөртэй буюу 3-р зэрэгт багтдаг. Тиймээс GTE найдвартай бичих нь виз гаралтад том нөлөөтэй. Үндсэн шалгуурт дараах хүчин зүйлүүдийг тооцдог:
- Монгол дахь тухайн хүний нөхцөл байдал (Монголд сурч болох эсэх, гэр бүл, нийгмийн болон ажлын нөхцөл байдал)
- Тухайн хүний Австрали дахь холбоо (Австралид амьдрах тухай, сургууль, мэргэжлийнхээ талаарх мэдлэг, Австралид амьдарч буй хамаатан, гэр бүл, танил)
- Суралцах гэж буй мэргэжил нь тухайн хүний ирээдүйд нөлөөлөх үнэ цэнэ (өмнөх боловсрол, ажлын туршлагатай холбоотой эсэх, ирээдүйн төлөвлөгөө)
- Өмнө нь Австралид байсан болон бусад оронд байсан түүх
Австралийн сургалтын визэнд GTE бичихдээ анхаарах зүйлүүд

Үнэн зөв мэдээлэл өгөх
Өөрийнхөө хөдөлмөр эрхлэлтийн өнгөрсөн түүх болон одоогийн байдал, гэр бүлийн холбоо, ажлын байрны санал зэрэг мэдээллээ зөвхөн нотлох баримттайгаар оруулах. Тухайлбал хэрвээ та Монголд байр эзэмшдэг гэж дурдаж байгаа бол түүнийгээ батлах Үл Хөдлөх Хөрөнгийн гэрчилгээг хавсаргах боломжтой байх.
Эх орондоо уягдах хангалттай шалтгаан, мөн түүнийгээ батлах
Эх орондоо уягдах шалтгаануудад үлдэж буй гэр бүлийн гишүүд, эсвэл эргэж ирээд ажилд орох баталгаа буюу ажлын байрны санал гэх мэт орж болно. Таньд эхнэр хүүхэд, эцэг эхийгээ санхүүгийн хувьд батлан даасан үүрэг хариуцлага байгаа юу?
Тухайн курс болон сургуулийг сонгосон тодорхой өвөрмөц шалтгааныг дурдах
Өөрийнхөө сурах гэж буй курсыг сайн судалж таньд ямар үнэ цэнэ нэмэх тухай GTE дээрээ нарийн бичих хэрэгтэй. Эх орондоо буцаж ирээд таны кареер зорилгод чинь нийцэх, дэмжих тийм курсыг сонгох нь чухал.
Ирээдүйн ажиллах салбарынхаа тухай судалгаа хийх
Таны өргөдөл дээр ажиллаж байгаа хүнд та өөрийн ажиллах салбарын ирээдүйн хөгжлийн талаар мэдлэгтэй гэдгээ харуулах хэрэгтэй. Мөн Австралийн боловсрол эзэмшээд таны ажилд орох болон дэвших боломж хэрхэн сайжрах талаар дурдах нь зүйтэй.
Өмнө нь аялаж, амьдарч байсан улсуудын мэдээллийг нарийн оруулах
Таны өмнө нь аялаж, амьдарч, ажиллаж байсан Австралийг оруулан бусад бүх улсын тухай дэлгэрнгүй бичих тухайлбал визний хугацаа хэтрүүлж байсан эсэх, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй тухай.
Яагаад бусад улс биш, Австралийг сонгох болсон тухай тайлбарлах
Австралид суралцаж, амьдрахад зардал их өндөртэй тул яагаад ийм их зардлаар Австралийг сонгон суралцах болсон тухайгаа тайлбарлах хэрэгтэй. Австралид ерөнхий чиглэлээр сурахаас илүү үнэлгээ өндөртэй чиглэл, курс сонговол давуу талтай.
Өмнө суралцаж төгссөн эсвэл ажиллаж байсан салбартаа сурах өргөдөл гаргасан нь дээр
Өөрийн сонгосон кареер салбараа барьсан нь дээр. Австралид чиний сонгосон салбарт Монголд байдаггүй курс санал болгодог уу? гэдгийг судалж үзэх хэрэгтэй.
Мэргэжлийн цагаачлалын хуульчийн тусламжтайгаар өөрийн нөхцөл байдалд тааруулан GTE бичих нь чухал тул та бидэнтэй холбогдоорой.
Moz Visa Team